Барилгын дээврийг ашиглах эдийн засгийн эргэлтэнд оруулах тал дээр хамтран ажиллах болно
- Каралсон
- Mar 24, 2020
- 3 min read
Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе. Хоёулаа барилгын салбар болон танай компаний талаар ярилцья.
Сайн байна уу? Би өөрөө эдийн засгийн хүн биш учир яг ийм тийм гээд салбарын талаар хэлж чадахгүй. Өөрт байгаа мэдээлэлд тулгуурлаад ярья. Харин компанийхаа тухай бол сайн ярина шүү хэхэ

Танай компани ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
Манна Пропертис ХХК нь 2013 оноос эхлэн Монголын барилгын салбарт PVC мембран ус тусгаарлалтын шинэ технологийг нэвтрүүлж эхлэсэн. Тэр цагаас хойш барилгын бүх төрлийн ус тусгаарлалтын ажлыг гүйцэтгэж байна. Үүнд дээвэр, хөрсний ус тусгаарлалт, туннел гэх мэт ордог.
Энэ жил барилгын салбар ямархуу байх төлөвтэй байна. Та бүхэн борлуулалтын төлөвлөгөөгөө хэрхэн харж байгаа вэ?
Хэцүү асуулт байна. Оны өмнө борлуулалтын төлөвлөгөөгөө гарчихсан байсан. Түүхэнд байхгүй барилгын салбарт ээлтэй сайхан жил байна гэж таамаглаж байлаа. Учир нь Засгийн газрын хоёр орчим их наядын ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ гэх нэршилтэй төсөв батлагдав. Үүнд: Сургууль, цэцэрлэг, соёлын төв, цэнгэлдэх хүрээлэн гээд олон сайхан төслүүд хийхээр тусгасан байсан. Харин одоо COVID 19 цар тахалын хамрах хүрээ нэмэгдэж бүхий л улс орнуудын эдийн засагт хүнд тусаж байна. Тиймээс бид борлуулалтаа өсгөх гэхээс илүү харилцагч нараа хадгалах, илүү технологи ашигласан харилцаанд тулгуурлан ажиллах төлөвлөгөө гаргаад байгаа.

Та бүр тодорхой хэлж болох уу харилцагч нартайгаа ямар арга замаар харилцах вэ?
Манай компанитай өнгөрсөн хугацаанд хамтран ажилласан байгууллагуудын 60 орчим хувь нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд байна. Бидний хамтран ажиллах нөхцөл энгийн байдаг. Дээвэр болон хөрсний ус тусгаарлалтын ажлын үе шат явагдах тухайн үед бид очиж ажлаа гүйцэтгэдэг.
Харин энэ жилээс бид харилцагчдынхаа ирэх жилүүдийн төслүүдтэй илүү танилцаж барилгын дээврийг ашиглах, эдийн засгийн эргэлтэнд оруулах тал дээр илүү анхаарч зураг төсөвт нь санал оруулах хэмжээнд ажиллах болно.
Бидний зүгээс дээврийг ашиглах санал тавьж байгаа хэдий ч бүтээлч хандлагаар хамтран ажиллах зарчмыг харилцагчдаа тавьж байгаа юм. Мөн олон урамшуулал арга хэмжээнүүд байгаа. Тэр мэдээллүүдийг өөрийн вэб сайт, фейсбүүк, barilga.info сайтуудаар цаг тухай бүрт нь хүргэж байх болно.
Харилцагч нар танай компаниас юуг ихэвчлэн асуудаг вэ?
Эхэндээ материалын талаар их асуудаг байсан. PVC мембран материалын талаар барилгын компаниудад таниулах гэж их олон уулзалтуудыг хийдэг байлаа. Тэр үед чанар, баталгааг их асуудаг байсан. Харин сүүлийн үед хамгийн хямд үнийг асуудаг болсон байна гэж би хувьдаа харж байгаа.
Тэгвэл эдийн засгийн байдлаас болоод хямд үнэ асууж байгаа гэж ойлгож болох уу?
Энэ асуулт эдийн засгийн сайн, муутай хамаагүй л дээ. Нэгэнт л сайн материалаа олчихсон бол хямд үнээр хийлгэхийг хэн ч хүснэ шүү дээ. Юм бүхэн хоёр талтай гэж би үздэг. Барилгын ус тусгаарлалтын салбарт маш богоино хугацаанд хамгийн том шинэчлэл хийгдсэн гэж би боддог. Хэрэглэгч хар цааснаас илүү PVC мембран ус тусгаарлалтын материалыг илүүд үздэг болсон. Тиймээс өрсөлдөөн нэмэгдэж үнэ буух таатай боломж бий болсон. Бас нөгөө талаас эдийн засаг муу байгаатай холбоотой байж болох юм.
Сүүлийн үед барилгын салбарт ажиллах хүчний дутагдал их байна. Танай компанид мэдрэгдэж байна уу?
Тийм үе зөндөө байлаа. Ажил нь байгаад хүн нь байдаггүй /availability of labor force - 0/. Тиймээс 2014 онд Манна Пропертис ХХК болон Сика Монголиа ХХК нар хамтран Дэлхийн шилдэг барилгын материал үйлдвэрлэгч Sika брэндийн ус тусгаарлалтын олон улсын сургалтанд 4 инженерийг хамруулж чадсан юм. Эдгээр суралцсан инженерүүд одоогийн Монголын ус тусгаарлалтын компаниудад заавар зөвлөгөө өгч, олон хүмүүсийг сургаж чадсан юм. Тиймдээ ч энэ салбарт ажиллах сонирхолтой компани болон ажиллах хүчний тоо хангалттай байгаа гэж би үздэг.
Та барилгын салбарт ус тусгаарлалтын шинэчлэл хамгийн сайн хийгдсэн гэж хэллээ. Энэхүү шинэчлэлд юуг хамруулж ойлгож байна вэ?
Шинэчлэлд маш олон зүйлийг ойлгож болно. Материалын чанар, технологийн шийдэл, ажиллах хүчний бэлэн байдал зэргийг нэрлэж болох байх. PVC мембран ус тусгаарлах материалын талаар хэрэглэгч / харилцагчдын хувьд үнэхээр ам сайтай байгаа. Хамгийн анхны төслүүд 7 жилийн өмнө хийгдсэн байна. Одоог хүртэл ямар ч асуудал гараагүй байгаа нь үнэхээр сайхан байна. Эдгээр бүх шинж тэмдгүүд ус тусгаарлах материалын шинэчлэл ямар сайн хийгдсэнийг илэрхийлэх байх.
Танд баярлалаа цаг гарган ярилцлага өгсөнд.
Баярлалаа та бүхний ажилд өндөр амжилт хүсье.
Манна Пропертис ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.БАТЖАРГАЛ
Comentarios